Анхны цас том томоор малгайлан намуухнаар буусан өвлийн эхэн сарын тэр нэгэн өдөрсөн. Бараг навч хүртэл зарим нь хараахан шарлаж амжаагүй байж билээ. Гэнэт орсон цасыг харж хөөрсөн залуухан хосууд хотын гудамжаар хөтлөлцөн алхаад л...
Тийм ээ, тэр л үед дөнгөж хорь хүрч явсан ганцаардана гэдгийг мэдэхгүй омголон охин миний сэтгэлийг чи бүрэн эзэмдсэн. Хар багаасаа л эрх танхи, элбэг хангалуун амьдрал дунд өссөн хирнээ энгийн л нэг нүдэнд дулаахан залууд зүрх алдан дурлахад эцэг эх минь битгий хэл бүр өөрөө ч хүртэл гайхах үе байдаг л байсан. Гэхдээ л Тулгаа, чи минь цаанаа л нэг нүдэнд дулаахан, цэвэрхэн, соёлтой залуу. Даанч бэл муутай гэдгээр нь эцэг эх маань үргэлж л гадуурхаж байсан. Гэхдээ чиний энэ мөнгөгүй байдал намайг чамд дурлахад минь огтхон ч саад болоогүй. Зөвхөн чамтайгаа мөрөөдөлд умбан илэн далангүй ярилцан хамтдаа цагийг өнгөрөөж байхад л бүх аз жаргал тэнд оршиж байсныг одоо мэдэрч байна. Цолмон ийнхүү бодол болон суух аж. Тэр жилийн анхны цасыг хараад би хөөрч догдлохдоо найзуудтайгаа уулзахаар гэрээсээ хам хум гараад л гүйсэн. Зам хальтиргаатай байсныг ч хэлэх үү, яг л тэр мөчид машин зам хөндлөн гарахдаа жигтэйхэн гоё машинд шүргүүлээд унасан. Аз болж огтхон ч бэртэж гэмтээгүй. Тэгээд л тэр машинд сууж явсан чамтайгаа танилцаж билээ. Тэгэхэд чи гэртээ хүргүүлэхээр машинд гар өргөн сууж явсан гэсэн. Жолоочийг явуулаад л тэрхүү бөөн бөөнөөрөө намуухан будрах цастай үдэш чамтайгаа хамт кафед сууж нилээд ярилцсансан. Тэгээд л маргаашнаас нь эхлээд өдөр болгон уулзсаар би чамаасаа салж
чадахааргүйгээр дасаж билээ. Цолмонгийн бодол өнгөрсөн рүү ийнхүү хөвөрсөөр л ...
...Энэ болсон явдлаас ч өмнө бүр жаахан, найман настай байхдаа аавыгаа дагаж нэгэн мэргэн хүн дээр очсон минь өнөөг хүртэл санаанаас гардаггүйсэн. Аав минь тэр хүнээс хэрэг явдлаа асуугаад гарахдаа над руу өхөөрдсөн харцаар хараад "Миний охины ирээдүйн заяаны хань ямар хүн байх бол?” гэж асууж билээ. Тэгэхэд өнөөх мэргэн лам намайг "мундаг эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй, өндөр боловсролтой, өөрийнхөө үеийн сайхан залуутай ханилах заяатай” гэж айлдсан. Аав минь ч баахан хөөрч билээ.